Өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын дөрвөнд Парисын дарь эхийн сүмд халдлага үйлдэхийг завдсан Исламын эмэгтэйчүүдийн террорист бүлэглэлийн хоёр гишүүнд ял оноолоо. Тухайлбал, Инес Маданид 30, Орнелла Гиллигманнд 25 жилийн ял оноожээ.

Хэрэгтнүүд Маданигийн аавын машинд долоон газ цилиндр ачиж үүнийгээ дизель түлшээр шатаахыг оролдсон байна. Азаар машин дэлбэрээгүй бөгөөд Гиллигманн хэрэг гарснаас хоёр хоногийн дараа гэр бүлийн хамтаар Францаас зугтах гэж байгаад баривчлагджээ. Харин Мадани цагдаагийн ажилтныг хутгалсан хэргээр бүлгийн өөр хоёр гишүүний хамт баригдсан байна. 

Уг халдлагын улмаас хамгийн багадаа 60 хүн амиа алдах эрсдэлтэй байсан ба гэмт этгээдүүдэд Исламын улс бүлэглэлийн дайчин Рачид Кассим зааварчилгаа өгдөг байжээ. 

Хэрэгтнүүд халдлага үйлдэх гэж байснаа хүлээсэн ч бие биенээ буруутгасан байна. Гиллигманны хэлснээр тэрээр дизель түлш ашиглах халдлагын төлөвлөгөөг бүтэлгүйтүүлэхийг оролдсон гэжээ. Харин Мадани хэрэг үйлдэх үедээ 18 настай байсан учир бүх насаараа хорих ялаас мултарсан байна. 

Мадани “Исламын улс бүлэглэлийн дайчин Францад хамтарч халдлага үйлдэх эхнэр хайж байна” гэх постыг онлайнд нийтэлсэн ба үүний дагуу Гиллигманнтай танилцжээ. Улмаар тэд 4000 гаруй мессеж солилцсоны эцэст уулзсан ба Мадани өөрийгөө бүлэглэлийн дайчны эгч гэж худал танилцуулсан байна. 

Мадани онлайнаар Исламын улс бүлэглэлд гишүүн элсүүлэхийг оролдсон хэргээр өнгөрсөн дөрөвдүгээр сард найман жилийн ял сонсжээ. Харин тэдний зааварлагч Кассим бүх насаараа хоригдох ял сонссон ч 2017 онд Иракт болсон Америкийн армийн ажиллагааны үеэр устгагдсан байх магадлалтай юм. 

Эх сурвалж: RT, The guardian