Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотноо зохиогдож байна. Тус арга хэмжээнд 14 орны 130 гаруй  төлөөлөгч оролцож байгаа юм.

Даян дэлхийн байгаль орчны сан нь хөгжиж буй орнуудад байгаль орчны салбарт төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт олгох замаар дэлхий нийтийн хэмжээнд хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, орон нутагт тогтвортой амьжиргааг бий болгох зорилготой юм.

Ингэхийн тулд НҮБ-ын суурь конвенцууд болох Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр түлхүү анхаарал хандуулах гэнэ. Мөн удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц, мөнгөн усны Минаматагийн конвенцуудын хэрэгжилтийг хангахад санхүүжилтийн туслалцаа үзүүлдэг байна.

Даян дэлхийн байгаль орчны сангаас манай улсад есөн сая долларын санхүүжилт олгох ба дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр тодорхойлжээ. Одоогоор дөрвөн сая долларын өртгөөр нэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин гадны төлөөлөгчид Монгол орны хувьд бэлчээрийн доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж, үр дүнгээ өгөх маш өндөр боломжтой гэжээ.

Манай улс 1994 онд Даян дэлхийн байгаль орчны санд нэгдэн орсноос хойш олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Харин энэ удаагийн долдугаар санхүүжилтийн циклийн хүрээний төслийн саналыг БОАЖЯ тодорхойлоод байгаа юм.

Энэ удаагийн Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хурлаар 2018-2021 онуудад хэрэгжих долдугаар санхүүжилтийн хүрээнд тус сангаас баримталж буй бодлого, олон улсын байгаль орчны тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд улс орнуудын анхаарах стратеги болон үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэн талууд нэгдсэн шийдэлд хүрэх юм.