Засгийн газрын хуралдаанаар МАН-ын удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн Л.Халтарыг Зам тээврийн, хөгжлийн яамны дэд сайдаар томиллоо.

Тэрээр 1990 онд Оросын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн байна. Улмаар 1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг бизнесийн менежер, 1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Л.Халтар

Л.Халтарын ажилласан байдал,

  • 1983-1985 онд УБТЗ-ын ачигч
  • 1990-1992 онд УБТЗ-ын техникумд инженер багш
  • 1992-1993 УБТЗ-ын Ачиж буулгах ангийн орлогч дарга
  • 1993-2006 УБТЗ-ын Олон улсын тээвэр жуулчлалын төвийн захирал,
  • 2006-2015 УБТЗ-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
  • 2015-2017 онд УБТЗ-ын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
  • 2017 оноос УБТЗ-ын орлогч дарга ажиллагч байна.

Мөн тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Засгийн газрын хүндэт өргөмжлөл, Оросын Найрамдал одон, Олон улсын бөхийн холбооны Загалмай одон, Салбарын тэргүүний ажилтан цолтой гэнэ.

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дэд сайдад нэр дэвшсэн долоон хүнээс Л.Халтарыг шаардлагад нийцсэн гэж үзэн сонгосон юм. Удирдах зөвлөлийн зүгээс дэд сайдад нэр дэвших хүн салбартаа ажиллаж буй мэргэжлийн ур чадвартай, салбараа төлөөлж ажиллах чадвартай байх гэсэн шалгуур тавьжээ.

ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийнхээ аминд хүрсэн, үерийн улмаас төмөр зам эвдэрч вагон осолдсон зэргээс үүдэн тус яамны сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлсөн юм.