Ерөнхийлөгч Х.Баттулгад хууль шүүхийн байгууллагын удирдлагыг томилох нэг томилгоо үлдээд байсан нь Дээд шүүхийн ерөнхийн шүүгч байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч өчигдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох зарлиг гаргалаа.

Уг зарлигтаа Үндсэн хуул, Ерөнхийлөгчийн тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл заалтыг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн санал болгосноор Х.Батсүрэнг ерөнхий шүүгчээр томилсон байна.

Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн албан хаагч нарт уншиж сонордуулсан бөгөөд Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулан өгчээ.

Сануулахад, өнгөрсөн гуравдугаар сард Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлт гарган ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Шүүгч Х.Батсүрэнгийн намтар:

Боловсрол:

  • 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль,
  • 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи,
  • 1997-1999 онд Германы их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч,
  • 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч,
  • 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн,
  • 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
  • 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгч,
  • 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байжээ.