Энэхүү арга хэмжээ нь нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан таниулах, түүнчлэн жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг юм.

Хэдийгээр хур бороо шаагин орж байгаа ч Дээлтэй Монголын оролцогчид үндэснийхээ дээл хувцас, эд хэрэглэлээр гангаран баярын жагсаал хийлээ.

Жагсаалд нийслэлийн есөн дүүрэг, Уухай Монгол ТББ, Монголын Сурын холбоо, Гэрлэх ёслолын ордон, “Мөнхтэнгэр оньс” төв, “Амин тоонто” ТББ, Монголын Сурагчдын холбоо, Төмөр замын Дуу бүжгийн чуулга, Өвөрмонголын өөртөө засах орны Ордос болон Дээд Монголын төлөөлөл оролцлоо.

Уламжлал ёсоор Дээлтэй Монгол наадмын шилдгүүдээ тодруулж наадмын шилдэг дүүргээр Сонгино-Хайрхан дүүрэг, II байрт Сүхбаатар дүүрэг, III байрт Чингэлтэй дүүрэг тодорчээ.

Харин хамгийн сайхан дээлтэй эрэгтэйгээр Б.Баянбат, эмэгтэйгээр О.Эрдэнэцэцэг, хамгийн сайхан дээлтэй хүүхдээр Л.Мөнхбат тус тус тодорлоо.

Мөн наадмын үеэр хамгийн сайхан дээлтэй гадаад иргэнийг тодруулсан бөгөөд гадаад эрэгтэйгээр Шин Шэ Дун, гадаад эмэгтэйгээр Цэцэнхуар нар тодорчээ.

Ийнхүү Дээлтэй Монгол наадам 12 дахь жилдээ амжилттай зохиогдож өндөрлөлөө.