Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанаас иргэдийн ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар Альпенгурт йогуртын гадна талаар хөгц мөөгөнцөр үүсэж тогтсон байдалтай худалдаж байсан зөрчил илэрчээ. Иймд гомдол гаргасан иргэний өгсөн йогурттай ижил нэрийн, ижил огноотой 15 ширхэг таргийг НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд өгч, Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. 

Худалдаа үйлчилгээний төв болон хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан, хадгалалтын горим зөрчиж, хадгалж тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүн зарах зөрчлүүд гарсаар байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн сард ЧД-ийн 16 дугаар хороонд байрлах Дэлгэрэх хүнсний дэлгүүрт шалгалт хийхэд бантангийн гурил, гоймон, печень зэрэг 18 нэрийн 56 ширхэг хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг хураан авсан байна. 

Иймд иргэд худалдан авалт хийхдээ хүчинтэй хугацааг нь харж авах, ил задгай гудамж талбайд зарж буй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг МХЕГ-аас зөвлөлөө.