Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл Мягмар гарагт Вашингтонд хуралдаж, Монгол улс эдийн засгаа улам тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох 100 сая долларыг баталлаа.  

Тус мөнгийг Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа ба анхны санхүүжилтийг 2017 оны 11-р сард баталсан байна.  

Дэлхийн банкнаас олгож буй энэ удаагийн санхүүжилтээр татварын тогтолцоог сайжруулах, одоо хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслийн зардлыг бууруулах, төсвөөс санхүүждэг тусгай сангийн удирдлагыг сайжруулах зэрэг арга хэмжээг авах юм. Мөн Хөгжлийн банк, Төв банкны үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээг нийтэд ил болгох, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг сайжруулах замаар хүртээмжийг нэмэгдүүлэх гэнэ. 

Хөтөлбөрийн өөр нэг чухал чиглэл нь уул уурхайн салбараас бусад салбарт ажлын байр бий болгож, ядуу, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх юм. Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн гурав дахь шатны санхүүжилт ОУВС-ийн хөтөлбөртэй нягт уялдаатайгаар арилжааны банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээнд чиглэнэ. 

Сонирхуулбал, манай улсын эдийн засаг 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 онд 6.9 хувь болж өссөн юм. Энэ нь ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 13 нэгж хувиар буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.