Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Юн Ким хугацаанаасаа гурван жилийн өмнө огцорлоо. Одоогоор түүний гэнэт ажлаа орхих болсон шалтгаан тодорхойгүй байна.

Жим Юн Ким 2017 онд дахин таван жилийн хугацаатай ерөнхийлөгчийн албыг хашихаар сонгогдсон бөгөөд ирэх сарын нэгэнд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх юм. Тэрээр цаашид хувийн компанид орж хөгжиж буй орнуудын дэд бүтцийг сайжруулах ажилд анхаарах гэнэ.

Дараагийн ерөнхийлөгч сонгогдох хүртэл түүнийг Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Кристалина Жеоржива орлох юм. Жим Юн Ким Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай илт санал зөрөлддөг байгаагүй ч түүний бодлого Трампын эсрэг ханддаг байв.

Тухайлбал, Трамп Америкийн нүүрсний салбарыг дахин сэргээх амлалт өгсөн бол Дэлхийн банк нүүрсний эрчим хүчний төсөлд үзүүлэх тусламжаа зогсоосон юм.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн засгийн газар Дэлхийн банкийг Хятадад зээл өгч байгаад буруутгасан бөгөөд үүнээс болж зээлийн нөхцөлөө өөрчилсөн байна.

Жим Юн Ким нь Өмнөд Солонгост төрсөн бөгөөд эмчээр ажиллаж байжээ. Түүнийг Америкийн ерөнхийлөгч асан Барак Обама хоёр ч удаа Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр томилсон юм.

Дэлхийн банк анх 1947 онд Дэлхийн хоёрдугаар дайнд хохирсон Европын орнуудыг дэмжих зорилгоор байгуулагдсан ба өдгөө хүүтэй хүүгүй зээл, буцалтгүй тусламж олгох замаар хөгжиж буй орнуудын дэд бүтцийн төслүүдийг дэмждэг юм.

Дэлхийн банкны ерөнхийлөгчийг Америк улс томилдог бол Олон улсын валютын санг удирдах хүнийг Европын орнууд сонгодог байна.

Эх сурвалж: BBC, CNN, The Guardian