Баяр наадмын чухал үйл ажиллагааны нэг Дээлтэй Монгол наадам Чингисийн талбайд өргөн дэлгэр боллоо. Энэ жилийн наадамд Оросын Буриад, Тува, Өвөрмонголын төлөөлөгчдөөс гадна Бяцхан мисс, Монгол бөө, Морьт харваачдын төлөөллүүд оролцсоноороо онцлог байлаа. 

Наадамд оролцогчид дүүрэг, хороогоороо жагсан Чингисийн талбайн төв асарт орж ирсэн ба Монгол бөө, Морьт харваачид орж ирэх мөчид жуулчид “Wow Mongolian shaman, horse” хэмээн дуу алдан алга ташиж байсан юм. 

Энэ жилийн наадамд оролцогчдоос хамгийн онцгой нь Сүхбаатар дүүрэг байсан ба 13-р зуун гэсэн зохиомжийн дагуу Дээлтэй Монгол наадамд оролцлоо. Мөн ХУД-ийн оролцогчдын цуваа найман морьтонгоор эхэлж, үндэстэн ястны хувцсаар ижилссэн байна. 

Үүнээс гадна төв талбайн баруун урд хэсгээр Монгол үндэсний тоглоом наадгай, ёс заншлыг харуулсан гэрүүд байрлаж байсан юм. 

Дээлтэй Монгол наадам 18:00 цаг өндөрлөж, шилдгүүдээ тодруулна. Аялал жуулчлалын газрын мэдээлснээр тус наадмыг дунджаар 2000-3000 жуулчин үздэг байна.