Дэлхий дахинд цэргийн албыг зайлшгүй болон сайн дурын гэж ангилдаг байна. Зайлшгүй цэргийн албанд насанд хүрсэн бүх эрчүүд татагдах ёстой бөгөөд тухайн улс орны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Харин Америк, Хятад, Герман зэрэг оронд цэргийн алба нь мэргэжлийн хүмүүсийн бэлтгэдэг ч насанд хүрсэн эр хүн бүр бүртгүүлсэн байх ёстой гэнэ. Учир нь ямар нэг дайны онцгой байдал үүсэхэд цэргийн нөөцийн тоог тодорхой байлгадаг байна.

Зарим оронд бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлттэй болон шашны үзлийн зөрчилдөөнтэй хүмүүсийг зайлшгүй цэрэг татлагаас чөлөөлдөг юм. Үүнээс гадна Хятад, Хойд Солонгос, Израиль, Тайвань, Малайз зэрэг оронд эмэгтэйчүүдийг цэрэгт татдаг байна. Мөн Коста Рика, Доминикан, Исланд зэрэг жижиг орнуудад арми огт байдаггүй бөгөөд цагдаа, хилийн харуул зэрэг тусгай хүчнийхэн аюулгүй байдлын асуудлыг хариуцдаг гэнэ.

Зайлшгүй цэрэг татлагатай орнууд

Монгол

Манай улсад 18-25 насны бүх эрчүүдийг 12 сарын цэргийн албанд татдаг юм. Харин шашин болон бусад шалтгааны улмаас албанаас чөлөөлөгдсөн эрчүүд байгалийн гамшиг, хилийн хамгаалалтад туслах зэрэг 24 сарын хугацаатай хүмүүнлэгийн ажил хийх боломжтой. Мөн их сургуулийн оюутнууд хоёр сарын онол, хоёр сарын практик хосолсон Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах боломжтой ба 25 хүртлээ цэрэгт яваагүй хүмүүс таван сая гаруй төгрөг төлөх хуультай. Төрийн байгууллагад ажил горилогчид цэргийн алба заавал хаасан байх шаардлагатай юм. Гэвч цэргийн албаны дүрмийн бус харилцаа, дарга нартаа зодуулж амь насаа алдах явдал зэргээс үүдэн цэрэгт явах залуусын тоо сүүлийн жилүүдэд буурсан байна.

Image result for mongolian army

Өмнөд Солонгос

Тус улсын 18-28 насны бүх эрчүүд армид 21 сар, усан цэрэгт 23 сар, агаарын хүчинд 24 сар алба хаах ёстой бөгөөд өөрийн хүсэлтээр цагдаа, ойн хамгаалалт, гал унтраах ангид албан хааж болдог байна. Харин олимпоос ямар ч хамаагүй медаль, Азийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчдыг цэргийн албанаас чөлөөлдөг гэнэ. Тус улсын арми олны танил эрхмүүдэд тусгай үйлчилгээ үзүүлж чөлөөлдөг гэх шүүмжлэлд өртдөгөөс үүдэн сүүлийн жилүүдэд армиас зайлсхийсэн хүмүүст хатуу шийтгэл оноож байгаа юм. Тухайлбал, 2002 онд поп дуучин Юу Сэнг Жун цэргийн албаас зайлсхийхийн тулд Америкийн иргэншил авсан бөгөөд түүнийг эх орноос нь хөөсөн байна. Мөн 2011 онд дуучин, реппер МС Mong мөн алба хаахаас зугтан араагаа авахуулснаар зургаан сарын хорих ял авч байжээ. Өнгөрсөн онд урлагийн коллежийн 12 оюутан цэрэг татлагын комиссоор орох хүртлээ калори ихтэй хоол идэж жин нэмэн цэргийн албанаас бултах гэж байгаад баригдсан юм.  

Image result for south korean army

Орос

18-27 насны бүх эрчүүд 12 сарын цэргийн алба хаах ёстой ба оюутан, эрүүл мэндийн асуудалтай болон хоёроос олон хүүхэдтэй эрчүүдийг албанаас чөлөөлдөг гэнэ. Мөн оюутнууд сургуулиа төгссөний дараа өөрсдийн хүсэлтээр цэрэгт татагдаж болно. Харин цэрэг татлагаас зайлсхийвэл хоёр хүртэлх жилийн хорих ял оноодог юм. Сүүлийн жилүүдэд цэргийн насны эрчүүд тал хувь нь эмчид мөнгө өгч худал өвчний магадалгаа бичүүлэх, цагдаа, гал унтраах газар ажиллах, их сургуульдаа үргэлжлүүлэн сурах зэргээр армиас зайлсхийх болжээ. Учир нь армийн өндөр албан тушаалтнууд цэргүүдийг хүчирхийлэх зэрэг гэмт хэрэг үйлддэг гэнэ. Улмаар засгийн газрын зүгээс 2014 онд их сургуульд элсэгчдийн тоог 40 хувиар бууруулах, цэргийн ангийн орчин нөхцөлийг сайжруулах, хугацааг нь нэг жилээр багасгах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

Image result for russian army

Швейцар

Тус улсын 18-34 насны эрчүүд цэргийн албыг 21 долоо хоногийн турш заавал хаах ёстой бөгөөд жил бүр сургалтад хамрагддаг байна. Харин шашны болон хөгжлийн бэрхшээлээс бусад эрүүл мэндийн шалтгаанаар армиас чөлөөлөгдсөн эрчүүд 30 нас хүртлээ жилийн орлогын гурван хувийг татвар болгон өгдөг юм. Мөн настай хүн асрах, соёлын дурсгалт газар засварлах, цагдаа, эмнэлэг, гал унтраах газарт туслах зэрэг нийгмийн ажлыг 340 хоног хийдэг байна.

Image result for switzerland military

Бразил

Бразилын 18 нас хүрсэн бүх эрчүүд цэргийн албанд бүртгүүлэх ёстой бөгөөд 19 нас хүрээд 10-12 сарын хугацаатай цэрэгт татагддаг байна. Мөн оюутнуудын алба хаах хугацааг хойшлуулдаг ба эрүүл мэнд, шашны шалтгаанаар чөлөөлдөг. Чөлөөлөгдсөн тохиолдолд хэд хэдэн төрлийн гэрчилгээ олгодог бөгөөд үүнгүйгээр иргэний үнэмлэх авах, сургууль, ажилд орох боломжгүй гэнэ. Мөн цэргүүдийг цалин, хоол, орон байраар хангадаг учир ядуу айлын хүүхдүүд цэрэгт татагдах нь ихэссэн байна.

Image result for brazil military

Израиль

Тус улсын 18 нас хүрсэн бүх иргэн цэргийн алба хаах ёстой бөгөөд эрчүүд гурав, эмэгтэйчүүд хоёр жилийг армид өнгөрөөдөг байна. Харин шинэ цагаач иргэн, шашин болон эрүүл мэндийн шалтгаанаар албанаас чөлөөлөгдөж болох ба онцгой тохиолдолд тамирчид богино хугацааны алба хаах боломжтой юм.

Image result for israeli military

Сири

Тус улсын 18 настай бүх эрчүүд цэргийн алба хаах ёстой ба 2011 онд Засгийн газар нь алба хаах хугацааг 18 сараас 21 болгон уртасгасан юм. Хэрэв цэргийн албанаас зайлсхийвэл 15 жилийн хорих ял оноодог байна.

Image result for syria military

Хойд Солонгос

Тус улсын 17-30 насны бүх иргэн цэргийн албанд татагдах ёстой бөгөөд эрчүүд 10 жил, эмэгтэйчүүд долоон жил армид зүтгэдэг байна. Харин улс төрийн томоохон албан тушаалтны хүүхдүүдийг цэргийн албанаас чөлөөлдөг юм. Үүнээс үүдэн тус улсын армид 6.4 сая гаруй цэрэг бүртгэлтэй байгаагийн 945 мянга нь албан үүргээ гүйцэтгэж байгаа бол бусад нь нөөцөд байдаг байна.

Image result for north korea military

Сайн дурын цэрэг татлагатай орнууд

Америк

Тус улсын 26 хүртэлх насны эрчүүд Сонгомол албаны системд бүртгүүлэх ёстой бөгөөд энэ нь армийг онцгой тохиолдол цэргийн бүрэлдэхүүнээр хангах үүрэгтэй юм. Энэхүү бүртгэл нь холбооны болон зарим мужид коллежийн тэтгэлэг, жолооны үнэмлэх авахад хэрэг болдог байна.

Image result for american military

Хятад

Тус улсын 18-24 насны бүх хүмүүс цэрэгт бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгүүлсэн хүмүүс армид алба хаах шаардлагагүй юм. Энэ нь армийг бэлэн байдалд байлгах зорилготой ба зөвхөн цэргийн мэргэжил сонгосон хүмүүс л алба хаадаг байна.

Image result for china military

Швед

Шведэд 2010 он хүртэл 18-47 насны эрчүүд 80-450 хоногийн цэргийн албыг зайлшгүй хаах ёстой байжээ. Үүнээс хойш зайлшгүй цэргийн алба гэж байгаагүй ч цэрэгт татагдах эрчүүдийн тоо цөөрсөн, НАТО-д татвар төлдөггүй орнуудад Америк цэргийн тусламж өгөхгүй байх магадлалтай зэрэг шалтгаанаар энэ оноос уг албыг дахин сэргээх талаар ярьж байна.

Image result for swedish military

Эх сурвалж: BBC