Бид тоймлоё, Та унш


2019.04.17 Лхагва                                                     7°C   2,632.18  Жаргал ирнэ

Чухлыг тоймлоё


Парисын дарь эхийн сүмд гал гарлаа

Францын алдартай түүхэн дурсгалуудын нэг Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүмд 4/15-нд гал гарлаа. Албаныхны мэдэгдсэнээр сүмийн зөвхөн дээвэр шатсан гэж байгаа ч 850 жилийн түүхтэй тус сүмийн хана, тааз гээд бүхий л зүйл нь дахин давтагдашгүй хосгүй ур хийцтэй юм.

Гал юунаас болж гарав?

Тодорхойгүй. Гэхдээ сүмийг сэргээн засварлаж байсан нь галын шалтгаан болсон гэж таамаглаж байна. Галыг унтраахаар их хэмжээний ус ашигласан тул чулуун байгууламжууд норсноос үүдэн сүмийн төв хэсэг нурах магадлалтай байгаа юм. Сүмээс хонх, хөшөө, шашны эд зүйлс зэргийг гаргасан ба оршин суугчдыг нүүлгэж метроны буудал, Сена мөрний ойролцоох замуудыг хаажээ.

Сүмийг хандиваар сэргээн засварлана

Ерөнхийлөгч Макрон сүмийг сэргээн засварлана гэж мэдэгдсэн ба хандив цуглуулах компанит ажлыг эхлүүлнэ гэсэн юм. Одоогоор Францын тэрбумтан Хенри Пинальт хувиасаа 100 сая еврогийн тусламж үзүүлсэн байна. Гэвч зарим судлаачид “сүмийг засварлах нь чимхлүүр ажил ихтэй учир 10-12 жилийн хугацаа шаардагдана” гэжээ.

Парисын дарь эхийн сүмийн тухай,

Хосгүй чамин хийцтэй уг сүмийн барилгыг барихад л 200 жил болсон ба Есүсийн титэм, түүнийг цовдолсон хадаас, 1600-аад оны уран зураг зэрэг түүхийн үнэт дурсгалууд хадгалагддаг юм. Тус сүмийг үзэхийн тулд жилд 13 сая жуулчин Парисыг зорьдог бөгөөд 1991 онд ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгджээ. Зохиолч Виктор Угогийн 1831 онд бичсэн Нотр Дамын бөгтөр зохиол уг сүмийг дэлхий даяар алдаршуулсан байдаг.


Тэрбумаар үнэлэгдэх мөнгөн усны наймаа

ЦЕГ-аас 74.8 кг мөнгөн ус зарах гэж байсан 3 этгээдийг баривчиллаа. Сэжигтнүүдийн мэдээлснээр уг мөнгөн ус ₮52 орчим тэрбумын үнэтэй ба ЗГ-аас 2007 онд мөнгөн усыг химийн хорт бодисын жагсаалтад оруулж, БОАЖЯ 2008 онд алт угаахад ашиглахыг хоригложээ. Мөнгөн усанд хордсоноор мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж, ургийн гажиг үүсэж, бөөр уушгийг өвчлөн цаашлаад үхэлд хүргэдэг байна.  


Хур баян прокурор ажлаа өгөв

Хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөллөө. Тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа тул уг албан тушаалыг хаших нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж Ерөнхий прокурор үзжээ. П.Эрдэнэбат нь прокурорууд дундаа толгой цохих хөрөнгөтэй ба 2017 оны ХОМ-тээ ₮4.8 гаруй тэрбумын байр сууц, машин зэрэг хөрөнгөтэй, ₮182 саяын хадгаламжтай, бусдаас ₮4 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.


Улаанбурхны өвчлөл 3 дахин ихэсжээ

Он гарсаар 170 оронд улаанбурхны 112.163 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 2018 оноос 3 дахин их үзүүлэлт гэж ДЭМБ мэдээллээ. Ялангуяа Африкт халдвар 7 дахин нэмэгдсэн байна. Гэвч уг өвчний 10 тохиолдол тутмын 1 нь бүртгэгддэг учир тархалт илүү их байх магадлалтай гэнэ. Улаанбурхны эсрэг вакцинд дэлхийн улсуудын 85% нь хамрагддаг ба вакцины талаарх худал мэдээллээс болж зарим улсууд татгалздаг байна.


3D зүрх бүтээлээ

Израилийн эрдэмтэд жинхэнэ зүрхний эд, эсийг ашиглан эс, судас, ховдол бүхий 3D зүрх бүтээлээ. Энэ нь туулайн зүрх шиг хэмжээтэй ч цаашид хүний зүрх шиг томруулах боломжтой байна. Одоогоор үүнийг шилжүүлэн суулгах аргыг судалж байгаа ба амьтад дээр турших юм. Туршилт амжилттай болбол 10 жилийн дотор хүнд ашиглаж эхлэх гэнэ.

Таны сонорт


Image result for advice icon Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр