Давосын чуулга уулзалтад оролцож буй ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч Грета Тунбергийг Олон улсын залуучуудын ногоон наадамд урилаа. 

Ногоон наадам нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой ба есдүгээр сарын 13-19-нд Улаанбаатарт болох юм. 

НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030-ыг боловсруулж, хэрэгжүүлж байна. Энэхүү зорилтын хүрээнд манай улс эко сонголтуудыг хийх, ногоон байгаль дэлхийгээ хамгаалахын чухлыг таниулах, залуучуудын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан ойлгуулах зорилт тавин ажиллаж байна. 

Наадмыг НҮБ-ын гишүүн 195 орны 18 нас хүртэлх залуучуудын дунд, спортын 19 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Шведийн дунд сургуулийн сурагч Грета Тунберг нь 17 настай бөгөөд 15 наснаасаа эхлэн Шведийн парламентын гадна тэмцэл хийж эхэлжээ. Тэрээр дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой алхам хийхгүй байгааг шүүмжилдэг юм.