Зөвлөгөөний хүрээнд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гарах юм.

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр Монголд зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакциныг ДЭМБ-д захиалж байгаа мэдэгдлээ. Манай улсад томуугийн А хүрээний H1N1 болон H3N2 вирус хадгалагдаж байна. Мөн В хүрээний вирусийн хувьд дэд бүтэц нь бага зэрэг өөрчлөгдөх шинжтэй байгаа гэнэ.

Томуугийн олон улсын зөвлөгөөн манай улсад анх удаа зохиогдож байгаа ба Америк, Австрали, Япон, Солонгос, Хятад, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд оролцож байна.

Сануулбал, 2018 онд томуугийн дэгдэлт өнгөрсөн оноосоо 2.4 хувиар нэмэгдсэн ба томуугаар өвчлөгсдийн 73.3 хувийг 0-9 насныхан эзэлж байгаа юм.