Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг уг уулзалтад Засгийн газар, уул уурхай, бизнесийн салбарын ТББ, хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтын сан, олон улсын банк зэрэг 25 орны 600 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Уулзалтаар Монголын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтыг хэрхэн давах зэрэг сэдвийг онцгойлон хэлэлцэж байна.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлэхдээ, нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэл болон бүс нутгийн интеграци ба дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар товч танилцуулсан нь ирсэн зочдын анхаарлыг ихээхэн татжээ.

Өнөөдрийн хурлаар Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл, Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд, Нийгмийн оролцоо, хамтын хөгжил, Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт сэдвээр салбар хуралдаан өрнөж байна.

Хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхож буй Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл сэдэвт хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан илтгэл тавих юм.

Сонирхуулахад, Эрдэнэс Тавантолгойн IPO гаргаж босгосон хөрөнгөөр таван тэрбум долларын 10 гаруй төслийн санхүүжилтийг шийдэхээр төлөвлөж байгаа юм. Манай улс энэ оны эхний 7 сард 26.3 сая тонн нүүрс 764.4 мянган тонн зэсийн баяжмал 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибединий баяжмал 7.1 сая тонн төмрийн баяжмал олборлосон байна.