Италийн алдарт Дольче энд Габбана брэнд Хятадын Шанхай хотод хийх загварын шоугаа цуцалжээ. Учир нь тус шоуны сурталчилгаа Хятад хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж Хятадын иргэд үзсэн байна.

Уг сурталчилгаанд Хятад үндэсний хувцастай загвар өмсөгч бүсгүй савхаар пицца, паста зэрэг Итали хоол идэж байгааг дүрсэлсэн бөгөөд олон нийт үүнийг “Хятад эмэгтэйг барууны хэв маягаар харуулсан”, “савхаа буруу хэрэглэсэн” зэргээр шүүмжилсэн байна. Мөн Хятадын олны танил эрхмүүд тус шоуд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Үүнээс болж уг бичлэг Хятадын Вейбо сайтад тавигдсанаас 24 цагийн дотор устгажээ. Мөн брэндийн үүсгэн байгуулагч Стефано Габбанаг арьс өнгөөр ялгаварласан утгатай мессежний зургийг инстаграмдаа хийснийг буруутгасан байна. Үүний хариуд Габбана өөрийн хаягаа хакердуулсан гэж мэдэгдэн уучлалт гуйжээ.

Мөн Дольче энд Габбана брэндийн зүгээс Хятадын засгийн газар шоуг нь цуцлах шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Тус брэнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Вейбо хуудаст Бээжин хотын ядуу иргэдийг дүрсэлсэн сурталчилгаа байршуулсан, 2016 онд худалдаанд гаргасан хавар, зуны углаашийг “Боолын гутал” гэж нэрлэсэн зэргээсээ болж шүүмжлэлд өртсөн юм.

Эх сурвалж: BBC, CNN