Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле шээсний замын халдварт өвчнөөс болж эмнэлэгт хүргэгдлээ. Тэрээр эмнэлэгт хоёр хоног эмчилгээ хийлгэх гэнэ.

Дэлхийн бүх цаг үеийн шилдэг тоглогч Пеле энэ жил 78 настай бөгөөд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудалтай болсон юм. Тухайлбал, 2015 онд түрүү булчирхай томорсны улмаас эмнэлэгт очсон бөгөөд үүнээс жилийн бөөрний диализын аппаратад оржээ.

Пеле Дэлхийн аваргын цомыг гурван удаа хүртсэн цорын ганц тоглогч бөгөөд 1956–1974 онд Бразилын Сантос клубд, 1975–1977 Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн Нью-Йорк Космос багт тоглосон байна.

FIFA 2000 онд Пеле, Аргентины Диего Марадона нарыг Зууны шилдэг тоглогчоор нэрлэж байжээ. Тэрээр хөлбөмбөгөөс зодог тайлсныхаа дараа бараа сурталчлах, спортын төлөөлөх, ядуусыг дэмжих зэргээр олон нийтийн ажилд идэвхтэй оролцсоор иржээ.

Эх сурвалж: CNN, Reuters