Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар анх удаагаа Ирак улсад айлчилж Багдад хотод үүрэг гүйцэтгэж буй Америк цэргүүдтэй уулзлаа.

Трамп энэ сард Сири дэх 2000 цэргээ эргүүлэн татсан бөгөөд цаашид Афганистан дахь цэргүүдээ ч мөн гэрт нь хариулахыг төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрээр агаарын цэргийн баазад арми болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ч  уг шийдвэртээ бат зогссон байна. Трамп энэ үеэр, “Цэргээ татахаа түр азнахыг тэд хүссэн. Гэвч бид хангалттай удаан хүлээсэн. Бид Исламын улсыг буулгаж авсан” гэжээ.

Мөн Ерөнхийлөгч Трамп айлчлалынхаа үеэр Иракийн ерөнхий сайд Адиль Абдул Махдитай уулзахаар төлөвлөсөн хэдий ч Абдул Махди саналыг нь хүлээж авалгүй оронд нь утсаар ярьсан байна. Энэ үеэр Трамп Абдул Махдиг Цагаан ордонд урьж
Ерөнхий сайд ч зөвшөөрчээ.

Үүнээс гадна Трамп Иракаас цэргээ гаргах бодолгүй байгаа ба тус улс дахь цэргийн баазыг Сирид хийх ирээдүйн ажиллагааны төв болгон ашиглахаа мэдэгдсэн байна. Энэ талаар тэрээр, “Америк дэлхийн цагдаагийн газар мэт байдлаа зогсоох хэрэгтэй байна. Бид дэлхий даяар тарж хүмүүсийн мэдэхгүй оронд ч цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа нь инээдтэй хэрэг” гэжээ.

Трамп гэртээ буцах замдаа Герман дахь Рамштейн агаарын цэргийн баазаар зочилсон байна.

Сануулбал, Америкийн ерөнхийлөгч асан Жорж Буш анх 2003 онд Иракт 166 мянган цэргээ оруулж ерөнхийлөгч Саддам Хуссейнийг суудлаас нь буулгасан юм. Үүнээс хойш Иракийн дотоод бослого, шашны бүлэглэлийн хүчирхийлэлтэй тэмцэж байгаад 2010 онд дайн дуусжээ.

Ирак улс жилийн өмнө Исламын улс бүлэглэлийг буулгаж авсан бөгөөд Америкийн хэсэг цэргүүд тус улсын дотоод байдал, батлан хамгаалахын үйл ажиллагаанд тусламж үзүүлж байна.

Эх сурвалж: CNN, USA Today