Америкийн засгийн газар 2015 онд хийгдсэн Ираны цөмийн зэвсгийн гэрээний бүх хоригийг сэргээж өнөөдрөөс эхлэн сэргээж байна. Энэ нь Иран газрын тосны экспорт, тээвэр, банк болон бусад бүх эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлөх юм.

Ираны олон мянган иргэд үүнийг эсэргүүцэн Ням гарагт Иран дахь Америкийн элчин сайдын яамны 39 жилийн ойн үеэр жагсаал хийжээ. Мөн Ираны арми Даваа, Мягмар гарагуудад агаарын цэргийн сургуулилт хийн батлан хамгаалахын сүр хүчээ харуулах гэнэ.

Иранд тавьсан уг хоригийн талаар Доналд Трамп “Энэ нь манай улсаас тавьж байсан хамгийн хатуу хориг. Бид хоригийн дараа Ираныг ажиглах болно” гэжээ.

Хэрэг юунаас үүдсэн бэ?

Америк өнгөрсөн тавдугаар сард Ираныг кибер халдлага, баллистик пуужингийн туршилт хийж Ойрх Дорнодын террорист бүлэг болон босогчдод тусалж байна гэж үзэн Ираны цөмийн гэрээнээс гарсан юм.

Ираны цөмийн гэрээ гэж юу вэ?

Хятад,Орос, Америк, Их Британи, Герман, Франц, Европын холбоо 2015 онд уг гэрээг байгуулсан бөгөөд эдгээр улсууд Ираныг цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, туршилтаа зогсоосны хариуд эдийн засгийн тусламж үзүүлэхээр тохиролцсон гэрээ юм.

Хориг ямар үр дагавартай вэ?

Даваа гарагаас эхлэн хэрэгжих Ираны хориг 700 гаруй хувь хүн, ААН, томоохон банк, газрын тос экспортлогч, тээвэрлэгч компаниуд болон газрын тосны хоолой, цэргийн онгоцонд нөлөөлөх аж. Үүнээс болж олон улсын 100 гаруй томоохон компани  Ирантай хийх худалдаагаа зогсоосон бөгөөд Ираны гол бүтээгдэхүүн болох газрын тосны экспорт өдөрт нэг сая баррелиар буурчээ. Мөн олон улсын төлбөрийн Свифт систем Ираныг үйл ажиллагаанаасаа хасаж магадгүй байна.

Европын улсуудын байр суурь

Америкийн хоригийг үл харгалзан Их Британи, Герман, Франц Ирантай бизнес хийх Европын компаниудыг дэмжихээ мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь Ираны хоригийг сөрөг үр дагаврыг зөөллөх эсэх нь эргэлзээтэй гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Хоригоос хэн чөлөөлөгдөв?

Америкийн засгийн газар Иранаас газрын тос худалдан авсан улсуудад мөн хориг тавина гэж мэдэгдсэн бөгөөд энэхүү хоригт Итали, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Турк, Хятадад нөлөөлөхгүй гэдгийг онцолжээ. Гэсэн ч дээрх улсуудын хоёр нь Иранаас авах газрын тосны импортоо бүрэн зогсоож, зургаа нь нэлээдгүй багасгах төлөвтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC, CNBC, NBC