Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр Д.Дорлигжав болон түүнтэй холбоотой хүмүүсийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн нэг сараар сунгах саналаа ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн юм.

Уг саналыг 12:00 цагт хэлэлцээд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн Д.Дорлигжав нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ.

Д.Дорлигжав нь Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын эзэмшлийн компаний Голомт банк дахь дансаар Т.Ганболдын Эн Ар Ай, Пайонеринг интернешил компаниудаас 2011 онд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.

Энэ хэрэгт мөн түүний төрсөн дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг холбогдуулан шалгаж байгаа ба өнгөрсөн сарын есөнд шүүхээс нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан юм.