Дорнод аймгийн Дашбалбар сумаас хойд зүгт 40 км-т орших Бор-Өндөр гэх газарт хээрийн түймэр гарсан байна. Гал түймрийн дуудлагыг Ням гарагийн 13:40 цагт ирүүлж, тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 70 хүн, 12 автомашинтай очиж унтраажээ.

Түймрийн голомтод гурван цаг ажиллаж бүрэн унтраасан ба 1000 орчим га талбай шатсан гэж мэдээллээ.

Хаврын хуурайшилт эхэлсэн энэ үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Үүнээс гадна иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэхийг сануулсан юм.

Он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсөө шатааж байгаад гал алдсан дуудлага 27 удаа иржээ. Мөн байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

Сануулахад, 2018 онд улсын хэмжээнд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568.6 мянган га талбай түймэрт өртөж, иргэд, ААН, байгууллагад 39.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.