Дорноговь аймгийн онцгой комисс хуралдаж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тусгаарласан хүмүүсийн талаар мэдээлэл хийлээ. Халдвар илэрсэнтэй холбоотойгоор Дорноговь аймгаас гарах орох хөдөлгөөн, спорт заал, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаалаа. 

Аймгийн засаг дарга Т.Энхтүвшингийн мэдээлснээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 70 километрийн зайнд орших Зөөгч Овоо кемпэд 20 хүний бүрэлдэхүүнтэй харуул хамгаалалт гарч, 60 хүнийг тусгаарласан байна. 

Мөн Замын-Үүдэд хоёр, Сайншандад 24 хүн, халдвар илэрсэн Франц иргэнтэй хамт вагоноор ирсэн 28 хүнийг тусгаарлажээ.

Коронавирус илэрсэн Францын иргэн хил нэвтэрч, асуумж бөглөхдөө зөвхөн Улаанбаатар хотод ажиллана гэсэн боловч Дорноговь аймаг руу зорчсон байна. Түүнчлэн Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн тул эдгээр газраар үйлчлүүлсэн иргэд сэжигтэй шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д хандахыг зөвлөлөө. 

Францын иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг Бадрах Энержи компанид ажилладаг байна.