Паралимпийн холбооны удирдах зөвлөл Токио-2020 паралимпэд 10 тамирчин эрх авч оролцуулна гэж төлөвлөснөөс дөрвөн тамирчин болзлоо хангаж эрхээ авсан байна.

Цаашид таеквондо төрөлд 2-3 эрх, жүдо бөхийн төрөлд гурван эрх авна гэж төлөвлөж байгаа юм. Мөн Японд бэлтгэл хийж буй хөнгөн атлетикийн тамирчид эрхээ авна гэж найдаж байгаа гэнэ.

Паралимпийн тамирчдын хувьд тусгай шаардлага хангасан тоног төхөөрөмж шаардлагатай гэдгийг салбарын сайддаа уламжилсан юм. Тодруулбал, буудлагын тэмцээнд оролцох тамирчны тэргэнцэр намддаг учир зориулалтын тэргэнцэр, дасгалын сум, пауэрлифтингийн тамирчдад тусгай вандан штанк зэрэг тоноглол шаардлагатай байгаа гэнэ.

Хариуд нь Ё.Баатарбилэг Токио-2020 Олимпд бэлтгэх үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэн эрхийн төлөөх тэмцээнд тамирчдаа дэмжих, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг олон ажлыг хийж байгаа гэсэн юм.

Сонирхуулбал, манай улсын паралимпийн тамирчид 2000 оны Австралийн Сидней хотод болсон зуны паралимпд анх хөнгөн атлетик, байт харвааны хоёр тамирчин оролцож байсан юм. Үүнээс хойш Афин-2004 паралимпт гурван тамирчин, Бээжин-2008 дөрөв, Лондон-2012 зургаан тамирчин эрхээ аван өрсөлдөж байжээ.