Монголын гоо сайхны салбарт тулгамдаж буй асуудлууд ба гарц шийдэл хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт 30 гаруй ААН оролцсон ба өнгөрсөн онд үндэсний үйлдвэрлэгчид дөрвөн тэрбум төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Одоогоор Хятад, Солонгос зэрэг 16 улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30 гаруй хувийг экспортолж байгаа юм. Гэвч үндэсний үйлдвэрлэгчид дотоодын нийт зах зээлийн 2-5 хувийг л эзэлж байна. 

Энэ нь өрсөлдөх чадвар, салбарын эрх зүйн болон бизнесийн таатай орчин тааруу байгаатай холбоотой гэдгийг үндэсний үйлдвэрлэгчид хэллээ.

Иймээс гоо сайхан, арьс арчилгаа, үс арчилгаа зэрэг олон салбарын 27 үйлдвэрлэгч ААН, 40 гаруй түүхий эд бэлтгэн нийлүүлэгч компани нэгдэн Монголын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний кластер ТББ-ыг байгууллаа. Энэхүү ТББ нь Монгол гоо сайхны бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх  зорилготой юм.

Манай улсад 1990 оноос өмнө зөвхөн гар нүүрийн саван үйлдвэрлэж эхэлснээс гоо сайхны салбарын эхлэл тавигдсан байна. Өнгөрсөн 2017 оны байдлаар гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл 164.0 тэрбум төгрөг байсан ба үүний дөнгөж 3.9 тэрбум төгрөгийг дотоодын үйлдвэрлэл эзэлж байгаа юм. 

Үүнээс үзэхэд гоо сайхны бүтээгдэхүүний нийт зах зээлийн 97.5 хувийг импортын бараа бүтээгдэхүүнээр хангаж байна.