Калифорнийн Ховерсурф компани Арабын нэгдсэн Эмиратын нийслэл Дубай хотын цагдаа нарт  S3 2019 Ховербайк загварын цахилгаан нисдэг мотоцикл бэлэглэжээ. Ийнхүү цагдаа нар уг мотоциклыг унаж сурах бэлтгэл ажилдаа орсон байна.

Тус компани өнгөрсөн жил Дубай хотын цагдаагийн газартай гэрээ хийсэн бөгөөд GITEX үзэсгэлэн худалдааны үеэр Ховербайк мотоциклын анхны загварыг танилцуулсан юм.

Дубай хотын цагдаагийн газрын хиймэл оюун ухааны хэлтсийн хэлснээр уг мотоциклыг 2020 он гэхэд ашиглаж эхлэх гэнэ.

Уг мотоцикл нь жолоочтой болон дрон хэлбэрээр нисдэг бөгөөд 300 гаруй кг жинтэй юм. Мөн 4.8 метрийн өндөрт 96.5 км/ц хүртэл хурдалдаг ба жолоочтой горимд 10-25 минут дрон горимд 40 минут хүртэл нислэг үйлддэг байна.

Мотоциклыг жолоодоход онгоцны нисгэгчийн үнэмлэх шаардлагагүй бөгөөд энгийн иргэд 150 мянган доллараар худалдан авах боломжтой гэнэ. Гэвч цаашид цэнэглэлт, хөдөлгүүрийн системийг нь сайжруулах шаардлагатай аж.  

Ховерсурф компани 4-5 сарын дараа илүү том, хоёр хүний суудалтай нисдэг машин бүтээж 2020 онд худалдаанд гарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC, Dailymail