Хотын даргын зөвлөлийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаар хязгаарлалтын цаг, бүсчлэлийг шинэчлэн тогтоох тухай хэлэлцлээ. 

Тодруулбал, дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг 32-ын тойрог, Маршалын болон Зайсангийн гүүр, Чулуун овооны нохойн хөшөөт уулзвар, Геологийн төв лабораторийн уулзвар хүртэлх өргөтгөхөөр төлөвлөсөн байна. 

Мөн дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа байхаар зохицуулж, ачаа тээвэр хүргэлт, бараа түгээлт, орон нутгийн дугаартай машиныг ажил эхлэх, тарах цагт дээрх хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулахгүй байх саналыг төсөлд тусгажээ. 

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өргөтгөх шаардлагагүй гэж үзэн бусад асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. 

Нийслэлийн авто замын сүлжээ анх 10 мянга гаруй машин явахаар төлөвлөгдсөн ч өнөөдрийн байдлаар 300-350 мянган машин тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар нийслэлд 402 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.