Хотын дарга мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд дэлхийн жишигт нийцсэн түрээсийн дугуй үйлчилгээг энэ зунаас хэрэгжүүлнэ гэв. Эхний ээлжид 150 зогсоолтой 2000 ширхэг унадаг дугуйн үйлчилгээ нэвтрэхээр болсон.

Үүнийг иргэд ч таатай хүлээн авч, дугуй худалдаж авах нь аваад, хуучин дугуйгаа засах нь засаад эхэлсэн байна лээ. Гэвч хамгийн том асуудал болох ДУГУЙН ЗАМ хаана байна вэ хотын даргаа? Хот маань өөрөө 2000 дугуйг хүлээж авахад бэлэн юм уу?

“Дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа төдийгүй энэ нь хүмүүсийн үйлчлүүлэх дуртай тээврийн хэрэгсэл болтлоо өргөжсөн” гэж хотын дарга С.Батболд хэлсэн.

Үнэн. Дэлхийн бүх том хотууд түрээсийн дугуй үйлчилгээтэй. Гэхдээ тэдэнд байдаг, бидэнд байдаггүй зүйл нь стандартад нийцсэн дугуйн зам.

Зураг: Daily Mail

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад бэлтгэхдээ явган хүний замын талыг ногооноор будаж, дээр нь дугуй зурсан. Гэтэл өнөөх нь гэрлийн шонд тулаад дуусчихна эсвэл булан эргээд алга болчихдог шидтэй. Иргэд аюулгүй орчинд, тааваараа дугуй унах газар нь зөвхөн Цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбай л байна.

Улаанбаатарт машин барьж чаддаг жолооч дэлхийн хаана ч очсон газардахгүй сайн жолоодно. Учир нь замын нүх сүвийг тойрч гарах, бусадтай уралдан урдуураа оруулахгүй гэж хэдхэн мм-ийн зайтай зөрөх машинууд хотоор дүүрэн. Иймдээ ч манай улсад зам тээврийн ослоор жилд дунджаар 550 орчим хүн амь насаа алдаж, 1200 гаруй хүн бэртдэг гэх статистик бий.

Энэ тоон дээр хоёр мянган дугуйтай иргэд нэмэгдэж, замын нэгдүгээр эгнээ, явган хүний нарийн зам, хашилт хаалт зэргээр дугуйтнууд сүлжилдэх нь. Одоогийн байдлаар хотод дугуйтай яваа цөөхөн хэд нь машинтай амь өрссөн тулаан хийж нэгдүгээр эгнээгээр хурдалж байгаа харагддаг.

Түрээсийн дугуй нэвтрээд эхлэхээр хүүхэд хөгшидгүй л сонирхож эхлэх нь тодорхой. Замын түгжрэлд бухимдаж байхаар 500-800 төгрөг төлөөд л эрүүл мэнддээ анхаарч дугуй унахыг илүүд үзнэ.

Гэтэл зам нь байхгүй учир амиараа дэнчин тавьж нэгдүгээр эгнээгээр зорчихоос өөр аргагүй. Уг нь хотын мээр С.Батболд төслийн хүрээнд дугуйн замыг нэмж өргөтгөх ажлуудыг хийнэ гэсэн. Гэвч одоо явган хүн нь ч явахад нарийддаг хотын төвийн хаана нь дугуйн зам будах юм бол?

Дугуйн замаас гадна дугуйтнууд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж аюулгүйн малгай, хэрэгсэлтэй байх ёстой. Үүнийг энэ зун нэмэгдэх 500 дугуйнд байгаа эсэхийг та ч дурдсангүй, дугуй нийлүүлэгч ч дурссангүй, таны туслах “шийдэгдээгүй” гэж байна.

Хэрэв стандартад нийцсэн дугуйн зам, дүрэм байхгүйгээс үүдэн амиа алдах хүүхдүүд, хэрэгт орох жолоочдын тоо нэмэгдвэл ЭРХЭМ ХОТЫН ДАРГА ТА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?