ХУД-ийн 15-р хороо буюу Орчлон сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэх гомдол ирсэн байна.

Гомдлын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад Suruga development ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байжээ.

Тус компани үйлчилгээний төв барихаар газар шорооны ажил эхлүүлэхдээ хөрсний нуралт үүсэхээс сэргийлж, дугуйн замыг түр хаах шаардлагатай болсон байна. Улмаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд албан хүсэлт ирүүлж энэ сарын 28 гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулна гэжээ.

Сонирхуулбал, өнгөрсөн оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн явган хүний зам аяны хүрээнд энэ онд нийт 29 байршилд явган хүний зам гаргахаар төлөвлөсөн юм.