Энэ оны эхний хоёрдугаар улирлын байдлаар дундаж цалин нэг сая 25 мянган төгрөг байна. Энэ хэмжээний цалинтай иргэд нийгмийн даатгал, ХХОАТ зэргийг төлж гар дээр 833.173 төгрөгийн цалин авдаг байна.

Дундаж цалинг бодохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэсэн байна. Үүнд 39.700 аж ахуйн нэгж, байгууллагын 636.5 мянган ажилтны мэдээлэл хамрагджээ.

Шимтгэл төлж буй ААН, байгууллага өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар, ажиллагчид долоон хувиар өссөн байна.

Нийгмийн даатгал төлж буй эдгээр ажиллагчдын 7.4 хувь нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай ба ийм цалинтай иргэд өмнөх улирлаас 3.500-аар нэмэгдсэн байна. Харин 500.000-700.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.000-аар буурчээ.

Уул уурхай, олборлолтын салбарын ажилчдын дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынхан 612.6 мянган төгрөгийн цалинтай байна.

Сонирхуулбал, нийт 636.5 мянган ажилчин байгаагийн 46.9 мянга нь 240.000 төгрөг хүртэлх, 225.6 мянга нь 500.001-900.000 төгрөг, 84.7 мянга нь 1.500.000 төгрөгөөс дээш цалинтай байгаа юм.