Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

Эхний таван сарын байдлаар 24 мянган бүртгэлтэй ажилгүй иргэд, 11 мянган ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн хагас нь буюу 12 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм.

Харин Улаанбаатарт ажиллагсдын дундаж цалин нэг сая нэг зуун мянган төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 118.3 мянган төгрөгөөр илүү байгаа юм.

  • 240 000 төгрөг хүртэлх цалинтай 43.4 мянган иргэн
  • 240 001-500 000 төгрөгийн цалинтай 130.6 мянган иргэн
  • 500 001-900 000 төгрөгийн цалинтай 227.4 мянган иргэн
  • 900 001-1300 000 төгрөгийн цалинтай 96.2 мянган иргэн  
  • 1300001-1500 000 төгрөгийн цалинтай 23.2 мянган иргэн  
  • 1500 001 төгрөгөөс дээш цалинтай 81.3 мянган иргэн байна.

Үүнээс гадна улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого-тусламж 3.3 их наяд төгрөг, зарлага-эргэж төлөгдөх цэвэр зээл 3.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 45.4 тэрбум төгрөгийн ашигтай үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оноос 6.1 хувиар өссөн ба энэ нь хүнсний бараа, ундаа, усны үнэ өссөнтэй холбоотой байна. Тухайлбал, төмс, хүнсний ногоо 32.8 хувь, ундаа ус 5.2 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 10.1 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 8.4 хувиар өссөн байна.

Мөн улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 17980 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 63.1 хувиар өссөн үзүүлэлт байна. Үүнд хулгай, залилан, дээрэм, луйвар, хүчингийн гэмт хэргийн тоо өссөн нь нөлөөлжээ. Улмаар гэмт хэргийн улмаас 3839 хүн гэмтэж, 410 хүн нас барсан байна.