Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас хойд зүгт 31 км-т орших Баруун-Энгэр гэх газарт өчигдрийн 23:25 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг 23:52 цагт  Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс ирүүлсэн байна. Тус аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Гэрэлийн мэдээлснээр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл хоёр дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон юм.

Мөн хүн амын 86 хувь нь 7-9 баллын газар хөдлөлтийн бүсэд амьдарч байгаа ба он гарсаар 261 газар хөдлөлт болсноос 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ.