Домогт дуучин Стиви Уандер Бямба гарагт Лондонд хийсэн тоглолтынхоо үеэр ирэх есдүгээр сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орно гэдгээ мэдэгдлээ. 

Тэрээр энэ үеэр “Би донороо олчихсон учир зүгээрээ. Ингээд хөгжмөөс завсарлага авч буй шалтгаанаа та бүхэнд хэлсэн учир ямар нэгэн худал цуурхал гарахгүй байх” гэжээ. 

Детройт Фрий Пресс сонины мэдээлснээр Уандерын биеийн байдал тааруу байгаа учир эмч нарын хяналтад аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа гэнэ. 

Энэ жил 69 настай Уандер есөн настайдаа төгөлдөр хуур, бөмбөр, аман хуур тоглож сурсан бөгөөд 1961 онд Мотаун студитэй гэрээ байгуулжээ. 

Үүнээс хойш тэрээр Грэмми шагналд 74 удаа нэр дэвших 25 удаа шагнал хүртсэн юм. 

Эх сурвалж: CNN, BBC