Ням гарагт болсон UFC-229 тулаан дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм. Учир нь Конорыг эзгүй хоёр жил орчим хугацаанд шинэ ноёрхлоо тогтоосон Орос аварга Хабиб Нурмагомедов, нөгөө талаас шинэхэн аваргын хэцүүхэн сорилт Ирландын нэрийн хуудас гэгддэг Конор Магкрегор хэн нь жинхэнэ хаан гэдгээ рингэн дээр нотлох байлаа.

Харин тулаан дөрөвдүгээр үед Хабибын ялалтаар өндөрлөсөн ч, тэрээр дэвжээнээс буун үймээн тарьж, багийнх нь гурван нөхөр Конорын биед халдсан юм. Тэмцээн хэн нэгний ялалтыг албан ёсоор зарлаж гарыг нь өргөлгүйгээр өндөрлөсөн.

Үүнтэй холбоотой Хабиб үзэгчидтэй зодолдсон, тиймээс бүсийг хураах, ялалтыг тооцохгүй байх шийдвэр гарсан зэрэг албан бус мэдээлэл цацагдаад байгаа юм.

Харин UFC холбооноос үймээн газар авахаас сэргийлж, шинэ аваргын бүсийг дэвжээн дээр зүүж өгөөгүй байна. Тулааны дараа хэвлэлийн бага хурлаас Хабиб бүсээ зүүсээр гарч иржээ. Мөн тэрээр энгийн иргэдтэй бус Конорын “Жию жицү”-ийн багш Диллон Данистай зодолдсон байна. Учир нь түүнийг тулалдах явцад хэл амаар доромжилж байсан гэнэ.

Мөн Конорын биед халдсан түүний багийн нөхдийг цагдаагийн байгууллагаас хориод байсан ч, Конор гомдолгүй гэдгээ мэдүүлснээр суллагдсан байна. Гэхдээ UFC холбооноос үймээн гаргасан тамирчид дунд тус холбоотой гэрээ хийсэн тамирчин байвал гэрээг цуцлах, дэвжээн дээр гаргахгүй байх шийдвэр гаргах гэнэ. Мөн Хабиб ч зүгээр өнгөрөхгүй нь мэдээж. Өндөр хэмжээний торгууль оногдуулах, хэсэг хугацаанд тулалдах эрхийг хасах байх гэсэн таамаг бий ч одоогоор тодорхойгүй байна.

Харин фенүүдийнхээ урмыг хугалсан Конор цахим хуудастаа “Сайн тулалдлаа, дахин тулалдахыг хүсч байна” гэжээ. Мэдээж олны дуулианд буй хоёр тамирчин тэнцүүхэн тулалдвал UFC-ээс дахин тулаан зохиодог.

Хувиар ёсоор Хабибын дараагийн тулалдах хүнээр Тони Фергюсон нэрлэгдээд буй. Тэрээр Хабибыг өмнө нь хоёр ч удаа тулаанд дуудсан. Энэ удаа мөн UFC-229-д ялалт байгуулж, дэвжээн дээрээс Хабибыг тулаанд дуудсан юм.