Тэрээр мэдээллийнхээ эхэнд сургууль, цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдээс зохион байгуулалттайгаар мөнгө хураасан гэх асуудалд тайлбар хийлээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг асуудлаар 42 багш АТГ шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарсан байна.

Харин мөнгө хураасан асуудлаар АТГ-т нэг ч багш шалгагдаагүй, анги засварын мөнгө хураасан гэх асуудлаар зургаан эцэг эхээс гомдол мэдээлэл ирсэн гэдгийг сайд Ё.Баатарбилэг хэллээ.

Тэрээр “Эцэг эхийн зөвлөл сайн дураараа анги танхимаа тохижуулах, шал будах зэргээр нэг хүүхдээс 5-10 мянган төгрөг хураасан асуудал байгаа. Харин үүнийг багш нар зохион байгуулалттайгаар мөнгө татсан гэх худал мэдээлэл тарааж багш болон боловсролын байгууллагын нэр хүндэд халдсан” гэлээ.

Улсын төсвөөс жилд 1.3-1.5 их наяд төгрөгийг сургууль цэцэрлэгийн засвар, шинээр барих ажилд зарцуулдаг байна. Харин эцэг эхчүүд нийгмийн хариуцлагаараа хандив цуглуулж анги тохижуулах ажлыг хязгаарлах боломжгүй гэж мэдэгдлээ.

Мөн Ё.Баатарбилэг сайд эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс есдүгээр сарын нэгнээс эцэг эхчүүдтэй сургууль, цэцэрлэгийг удирдлага, багш нартай гурвалсан гэрээ хийнэ гэлээ.

Учир нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн 90 хувь нь сургалтын орчинд бус гэр бүл, ахуйн орчин олон нийтийн газарт асран хамгаалагчийн хараа хяналтгүйгээс болж үйлдэгддэг байна. Харин үүний бурууг боловсролын байгууллагад үүрүүлдэг байдлыг зогсоох үүднээс эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Манай улс нэг хүүхдэд улсаас 1.4 сая төгрөгийн боловсролын үйлчилгээ үнэгүй үзүүлдэг байна. Усын хэмжээнд нэг сая хүүхэд боловсролын байгууллагад хүмүүжүүлдэг ба үүний 260 СӨБ-д, 600 мянга гаруй ЕБС-д, 160 гаруй оюутан байгаа юм.

Харин боловсролын байгууллагад 100 мянган ажилтан албан хаагч нар ажиллаж байна. Энэ жил улсын хэмжээнд 43 мянган сурагч есдүгээр анги, 18 мянга орчим хүүхэд 12-р анги төгсөж байгаа ба 80 гаруй их дээд сургууль элсэлт авна.