Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлттэй ирсэн Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ.

Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг Прокурорт буцаах шийдвэр гаргалаа.

Уг хэргийг нэгдүгээр сарын 18-нд хэлэлцэх байсан ч өмгөөлөгч нар ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 11 хүртэл хойшлуулсан байна.

Э.Бат-Үүл нь хотын даргаар ажиллаж байхдаа тухайн үед НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, ТОСК-ын захирал А.Гантулга, дэд захирал Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нартай хамтарч эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгож, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.