Аргентин улсын нийслэл Буэнос - Айрест болж буй Залуучуудын олимпийн наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр явагдсан буудлагын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа, Унгарын тамирчин Залан Пеклертэй нэг баг болон оролцож, Орос, Мексикийн тамирчдаас бүрдсэн багийг 10:9 харьцаатай ялж залуучуудын олимпийн аварга боллоо.

Манай тамирчинтай хосолсон унгар буудагч Залан Пешлер өмнө нь Европын залуучуудын аварга, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ.

Тус наадмаас манай улсын жудогийн тамирчдаас тэмцээний эхний өдөр  эрэгтэйчүүдийн 55 кг жинд зодоглосон Г.Тэмүүжин, хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 52 кг жинд зодоглосон Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Залуучуудын наадамд манай улсын 11 тамирчин чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцож байна.