Үндэсний бөхийн салбар хорооноос энэ жилийн наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах, хүртсэн цол чимгийг нь хураах санал гаргаж, Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлэхээр боллоо.

Уг саналаа ирэх Даваа гарагт албан ёсоор хүргүүлэх бөгөөд Үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооноос барилдах эрхийг хасах эсэхийг нь эцэслэн шийдэх юм. Харин цол чимгийг хураах асуудлыг Ерөнхийлөгчийн тамгын газраас шийднэ. 

Түүнчлэн өнөөдрийн мөрдөж буй журмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболдын давсан давааг хүчингүй болгож, түүнд цолны даваа буюу таваас дээш даваанд унасан бөхчүүдийг давсанд тооцож цолыг нь нөхөн олгох юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр аварга Э.Оюунболд Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороог шүүхэд өгсөн гэх мэдээлэл гарсан юм. Харин Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүний мэдээлснээр одоогоор шүүхээс ямар нэгэн бичиг ирээгүй гэж мэдэгдлээ. 

Мөн Үндэсний салбар хорооны хурлаар дөрвийн даваанд өвдөг шороодохдоо өрсөлдөгч бөхөө тохойдож ёс зүйгүй үйлдэл гарсан улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцож, тодорхой хугацаанд барилдах эрхийг нь хасах санал гаргажээ. Энэ асуудлыг допин хэрэглэсэн нэг бөхийн Б сорьцын шинжилгээ гарах үед дахин хуралдаж эцэслэн шийдэхээр болсон байна. 

Сануулахад, энэ жилийн наадамд тав давсан 16 бөхийн хоёроос нь допин илэрсэн. Улмаар илэрсэн хоёр бөхийн нэг нь Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан бол Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрсэн нь тогтоогдсон юм.