Эхний есөн сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 258 хүн шалгагдаж байгаагийн тав нь ЕБС-ийн сурагч, гурав нь их сургуулийн оюутан гэж ЦЕГ-аас мэдэгдлээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 16-22 насныхан холбогддог ч энэ удаа шалгагдаж буй хүмүүсийн хамгийн бага нь 13 настай охин байгаа гэнэ.

Өсвөр насныхан бие биенээ даган дуурайх хэлбэрээр сонирхож, эхэлснээр хар тамхины гэмт хэрэгт холбогддог байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгаж, энэ талаар сайтар анхааруулж байхыг албаныхан зөвлөлөө.

Сануулбал, хар тамхи хэрэглэгчдийн 85-90 хувийг 19-35 насныхан эзэлдэг ба эдгээрийн 20 хувь нь эмэгтэйчүүд байна.