НМХГ-аас үдийн цай хөтөлбөрт хамрагддаг төрийн өмчийн 120 сургуулийн 129 цайны газарт хяналт шалгалт хийж, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийлээ.

Шалгалтаар сургуулиудын 64.3 хувь нь зориулалтын байр, цайны газартай, 35.5 хувь нь зориулалтын бус байртай, найман сургууль цайны газаргүй байжээ.

Зориулалтын бус байртай, МХЕГ-ын ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, хувцас солих, агуулах, бэлтгэлийн өрөө зэрэг технологийн зөв зохион байгуулалтгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

Тухайлбал, БГД-ийн Эрдмийн ундраа, Оюуны ундраа, 141, 73, 51, Шинэ эрин, БЗД-ийн 53, 127, СХД-ийн Ирээдүй цогцолбор, СБД-ийн 25, 45, 71, ХУД-ийн 34, 60, 75, 115 зэрэг сургуулиуд ажлын байрны дүгнэлтгүй, 25 гаруй сургууль зөв зохион байгуулалтгүй байжээ.

Мөн хүнсийг зориулалтын дагуу тээвэрлээгүй, сургуулийн ойр орчинд худалдаалахыг хориглосон чихэр, шоколад, хиам зэрэг бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илэрсэн байна. Тодруулбал, 23, 39, 39, 50 сургууль дээр хиамтай кимбаб, хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулийн орчинд чихэр шоколад худалдаалж байжээ.

Түүнчлэн НМХГ-аас шалгалтад хамрагдсан сургуулиудын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихад хөтөлбөрийн тавигдах шаардлага, гүйцэтгэл 76 хувьтай байсан бол сургуулиудын 35.4 хувь нь үдийн цайгаар авбал зохих шим бодисыг тооцоогүй дутагдал илэрчээ.

Энэ нь нэг талаараа үдийн цай хөтөлбөрт тусгагдсан мөнгө санхүүтэй холбоотойг албаныхан дурдлаа. Тухайлбал, үдийн цай хөтөлбөрийг анх батлахдаа нэг хүүхдэд 600 төгрөг суулгаж, авах ёстой ккалыг 300-гаар тооцсон байна. Харин саяхан баталсан БСШУСЯ-ны сайдын тогтоолоор авах ёстой ккал 600 болж өссөн ч мөнгөн дүн нэмэгдээгүй юм.

Шалгалтаар сургуулиудаас 847 зөрчил илрүүлж 57 хувийг газар дээр нь арилгуулж, 44 байгууллагад улсын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн, Зөрчлийн тухай хуулиар 14 хуулийн этгээдэд 9.4 сая төгрөгийн торгууль ногдуулж, Шинэ эхлэл сургуулийн цайны газрыг түр хугацаагаар зогсоосон байна.

Дашрамд дурдахад,  Үдийн цай хөтөлбөрийн мөнгийг өсгөж 1200 болгох саналыг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан чуулганаар хэлэлцүүлсэн ч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн батлагдаагүй юм.