Дорноговь аймгийн Даланжаргалан сумын засаг даргаас ирүүлсэн “Цомог багийн нутагт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг Эко хэлхээ ХХК-ийн хаягдлын далан сэтэрч хөрс бохирдуулсан” гэх мэдээллийн дагуу шалгалт хийсэн байна.

Улмаар тус жонш баяжуулах үйлдвэрийн технологийн шугамыг лацдан үйл ажиллагааг зогсоожээ. Ийнхүү бохирдсон талбайн гадуур хамгаалалтын хашаа татах, бохирдсон газарт экологийн хохирол тооцуулах ажлыг Эко үнэлгээ ХХК-иар хийлгэж, ойр орчимд нутагладаг малчин айл өрхөөс санал авах, нүүлгэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн ТББ-аас Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Олон ихт баян ХХК-тай холбоотой гомдол ирүүлжээ. Гомдлын дагуу Даланжаргалан сумын Худагт гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Олон ихт баян ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар тус компани нь газар ашиглах зөвшөөрөлгүйгээр хууль бусаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн суурь цутгах, агаарын шугам татаж бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулж байсан нь тогтоогджээ. Иймд хууль бус үйлдлийг улсын байцаагчийн актаар таслан зогсоосон гэж МХЕГ-аас мэдээллээ.