Манай улс өнгөрсөн оноос ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 314.505 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 440 сая долларын санхүүжилтийг авахаар болсон юм.   

Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийдэг бөгөөд тав дахь шатны урьдчилсан үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг долдугаар сарын 25-наас энэ сарын зургааны хооронд хийлээ.

Ажлын хэсгийн дүгнэлтээр,

  • Хөтөлбөр хэрэгжсэн жилийн хугацаанд төсвийн болоод гадаад валютын нөөц зорилтоос давж биелэн, эдийн засгийн үзүүлэлтүүд хүчтэй хэвээр байна
  • Төсвийн бодлого, банкны салбарыг бэхжүүлэх бүтцийн өөрчлөлтүүд үргэлжилсээр байгаа ч хэрэгжилтийн явцад зарим хоцрогдол үүссэн
  • Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг дэлхийн түүхий эдийн зах зээлийн өөрчлөлтөд шууд өртөгдөх эрсдэлтэй учраас эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд тохирсон үүрэг амлалтуудаа тууштай хэрэгжүүлэх нь чухал гэжээ.

Энэхүү үнэлгээ ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр батлагдвал, манай улс 26.2088 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 36.91 сая долларын санхүүжилт авах юм. Одоогийн байдлаар манай улс уг хөтөлбөрийн хүрээнд нийт 104.8287 сая зээлжих тусгай эрх буюу 147.64 долларын санхүүжилт аваад байгаа юм.