Уулзалтаар Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл хийлээ.

ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдсаж, хөрөнгө оруулалт, төсвийн сахилга бат сайжирч байгааг УИХ-ын дарга онцлон талархал илэрхийллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Монголын талаас эдийн засгийн хямралыг даван туулахад томоохон ахиц дэвшлүүдийг гаргаж, 2016 онд 1.2 хувь байсан эдийн засгийн өсөлт энэ онд найм орчим хувиар өснө гэдгийг Нэйл Сэйкэр хэллээ.

Мөн төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн үзүүлэлт эрс сайжирч төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэх ашигтай гарахаар байгааг онцолсон юм.

ОУВС-аас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үнэлгээг улирал тутамд хийж байгаа бөгөөд уг хөтөлбөр эхэлснээс хойш нийт зургаан удаагийн үнэлгээг хамтран хийгээд байна.

Тухайлбал, хөтөлбөрийн зургадугаар шатны үнэлгээг хамгийн сүүлд өнгөрсөн оны 11-р хийсэн бөгөөд макро эдийн засгийн үзүүлэлт эерэг хэвээр бүх тоон зорилтууд биелсэн гэж дүгнэсэн юм.