УИХ-ын зарим гишүүд болон Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлээд байгаа юм. Харин тэрээр уг асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид хандан ээлжит чуулган хуралдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгджээ. Гэхдээ АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлаар  ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан нь хуралдах үндэслэл биш гэж үзжээ.

Тодруулбал, тэрээр “АТГ-ын дарга, дэд даргыг өөрөө өргөдлөө өгөх, эрүүл мэндийн шалтгаан, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос бусад тохиолдолд чөлөөлөх үндэслэлгүй гэж хуульд заасан. Иймд бид энэ асуудлыг холбогдох хуулийн заалттай нь уялдуулж үзэхээс өөр аргагүй” гэлээ.

Хэрэв ээлжит бус чуулган зарлаж, УИХ хуульд үл нийцсэн байдлаар шийдвэр гаргавал цаашид хууль хяналтын байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангаж чадахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй. Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн юм.

Сануулахад, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар АТГ-т асуулга тавьж, хаврын чуулганаар нээлттэй хэлэлцүүлэх санал гаргасан ч УИХ-ын чуулган завсарласан юм. Мөн АТГ-аас хэргийг шалгах үндэслэлгүй учир хаасан гэж мэдэгдсэн юм.

Улмаар өнгөрсөн сарын 10-нд ээлжит бус чуулган хуралдуулах 26 гишүүний гарын үсэг бүхий шаардлагыг М.Энхболдод хүргүүлсэн юм. Тэрээр ээлжит бус чуулганыг авилгатай тэмцэж чадахгүй байгаа АТГ-ын даргаас эхэлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Харин Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 17-нд ээлжит бус чуулган хуралдуулах нь зүйтэй гэж үзэн мөн УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн байдаг.