УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж үүнийг нь 25 гишүүн дэмжсэн байна. Энэхүү шаардлагаа УИХ-ын даргад хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Өнгөрсөн сарын сүүлээр 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол хийхийг зөвшөөрч 19 гишүүн гарын үсэг зурсан байдаг. Гэвч хууль зүйн байнгын хороо хэлэлцүүлэг хийх үндэслэлгүй гэж үзэн, улмаар чуулган завсарласан юм.

Тэрээр “Баяр наадам болж байгаа ч авлигалтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлаас гарах ёсгүй. АТГ болон хууль хяналтын байгууллага томилсон хүнээ хамгаалж байна. Тиймээс 60 тэрбум болон бусад замхарсан авлигалтай холбоотой хэргээр нээлттэй сонсгол хийх шаардлагатай” гэлээ.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 60 тэрбумын хэргийг нуун санаатай нуун дарагдуулсан гэж үзэн, нээлттэй сонсголоо АТГ-ын даргаар эхэлнэ гэж мэдэгдлээ.

УИХ-ын тухай хуульд гишүүдийн гуравны нэг нь ээлжит бус чуулган хуралдуулдаг заалт байдаг ба 14 хоногийн дараа нээлттэй сонсгол хийнэ гэлээ.