Намрын чуулган хангалтгүй ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт зэргийг хэлэлцэж амжилгүй хаасан. Гэвч УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар ээлжит бус чуулган чуулганыг зарлах шаардлагатай хэмээн чуулганы хуралдаан дээр мэдэгдсэн юм.

Тэгвэл хүлээлт үүсгээд буй томоохон хуулиудыг хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлахаар болсон гэж УИХ-ын тамгын газраас мэдэгдээд байна. Одоогоор чуулганы тов болон хэлэлцэх асуудал тодорхойгүй байгаа ба УИХ-ын даргын зөвлөл хуралдсанаар эдгээр асуудал тодорхой болох юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэхдээ, “Гуравдугаар сарын 10-15-нд ээлжит бус чуулган зарлагдана” гэж мэдэгдсэн байна.

Харин эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, “Ээлжит бус чуулганаар дөрөв тавхан хууль хэлэлцэхээр ярилцаж байна. Харин хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байгаа” гэлээ.

Хуульд зааснаар хаврын чуулган дөрөвдүгээр сарын таванд эхлэх бөгөөд Үндсэн хууль, Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай зэрэг томоохон хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Сануулбал, М.Энхболдыг огцруулах 40 гаруй гишүүний бойкотоос үүдэн УИХ-ын намрын чуулган түүхэндээ хамгийн удаан хуралдаагүй юм. Өөрөөр хэлбэл намрын чуулган 2019 оноос өмнө 27 удаа хуралдах ёстойгоос 12 удаа ирц нь бүрдээгүй байна.