УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар болсон юм. Үүнтэй холбоотойгоор хэлэлцэх асуудлыг тогтоосон байна.  

Хэлэлцэх асуудал:

  • Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх,
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх,
  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.

Сануулбал, ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг чөлөөлөх, Жанжин штабын даргыг томилох зэрэг асуудлыг хэлэлцэхийг хүссэн юм.

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргал нь өмнөх дарга Д.Ганболдын оронд томилогдсон учир үлдсэн хугацаанд нь ажиллах ёстой гэж үздэг. Гэвч Х.Энхжаргал “АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог учир миний үүрэгт хугацаа дуусаагүй” хэмээн мэдэгдсэн юм.

Харин прокурорын орлогч прокурор Г.Эрдэнэбатын хувьд бүрэн эрхийн хугацаа нь энэ оны нэгдүгээр сарын найманд дууссан байна.