Эфирийн тос нь эмчилгээний шинж чанартай ба бактери, вирусийн эсрэг, ариутгах, тайвшруулах, эрч хүч өгөх зэрэг үйлчилгээтэй. Тиймээс ханиад, томуугийн дэгдэлт их байгаатай холбоотойгоор Москвагийн Астарта ароматерапи сургуулийг үнэрээр анагаах ухааны чиглэлээр төгссөн А.Дэжидмаагийн зөвлөгөөг хүргэе. 

Ханиадны эсрэг ерөнхий жор: 

Лаванда дөрвөн дусал, эвкалипт таван дусал шаардлагатай. Лаванда нь тайвшруулах, өвчин намдаах, түлэгдэлтийн дараах үе, цус тогтоох зэрэг үйлчилгээтэй. Харин Эвкалипт нь вирус бактерийн эсрэг, өвчин намдаах, сэргээх үйлчилгээтэй байна. 

Эфирийн тосыг утлага хийх, усанд орох, саван, лаа, органик гоо сайхны бүтээгдэхүүн хийх, арома иллэг хийх, арома зүүлт зэрэгт ашиглаж болно. Гэхдээ хоёр нас хүрээгүй хүүхдэд утлага хийхээс зайлсхийх нь зүйтэй. Хэрэв хоёроос дээш насны хүүхдэд утлага хийх тохиолдолд том хүнийхээс гурав дахин бага тунгаар эфирийн тос хийгээрэй. 

Өндөр халуурсан үед: 

Эвкалипт гурван дусал, ганга нэг дуслыг зөгийн бал, зөөхий, элсэн чихэрт шингээн өдөрт 3-5 удаа ууна. Ганга нь үс арчилгаанаас гадна вирус бактерийн эсрэг өндөр үйлчилгээтэй юм. Гэхдээ биеийн халуун 39.5 хэмээс дээш гарвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. 

Хуурай ханиалга дарах жор: 

Эвкалипт, анис тус бүр гурван дусал шаардлагатай. Ингээд эдгээр эфирийн тосоо утлагын аппаратын усанд хийж өдөрт 1-2 удаа утлага хийнэ. Анис нь тайвшруулах, нойргүйдэлд хамгийн өндөр үр дүнтэй эфирийн тос юм. 

Эфирийн тосыг усанд орохдоо хэрэглэх заавар: 

Ваннад дүүргэсэн усанд 5-8 дусал эфирийн тос хийнэ. Ингэхдээ эфирийн тосоо ус руугаа шууд дусааж болохгүй ба спирт, зөгийн бал, далайн давс зэрэгт уусгасны дараа усандаа хийгээрэй. 

Дархлаагаа дэмжихийг хүсвэл лаванда болон илан иланаас тус бүр дөрвөн дуслыг хэрэглэхийг зөвлөж байна. Харин ханиадны шинж тэмдэг илэрсэн бол лаванда болон эвкалиптаас тус бүр дөрвөн дуслыг ашиглаарай. 

Үүнээс гадна суурь тосонд эфирийн тосоо дусааж, цээж, нуруу, хамрын угалз, эрүү, чамархай хэсэгт массажилж түрхэнэ. Найрлагыг бэлтгэхдээ 100 мл суурь тосонд 30-40 дуслыг хийнэ. 

Эфирийн тос, үнэрээр анагаах ухааны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Margaljin - Үнэрээр анагаах, үнэртэн бүтээх” фэйсбүүк группээс авах боломжтой.