ЭХЭМҮТ-н гадаа 26 настай эмэгтэй төрсөн асуудалтай холбоотойгоор тус эмнэлгийн захирал Ш.Энхтөр мэдээлэл хийлээ.

Тэрээр иргэдээс уучлал хүсч, ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгнө гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр жирэмсэн эмэгтэй таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан гэнэ. Ингээд эмнэлгээс гарах замдаа төрөлт явагдсан байна. Одоогоор эх хүүхдийн бие сайн байгаа гэнэ.

Харин тухайн өдөр жижүүрт гарч байсан эмч мэргэжилтнүүдийн тухайд ёс зүйн алдаа гаргасан эсэх нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ, “Хариуцлагын асуудал яригдаж байгаа. Гэхдээ хариуцлагаас өмнө үнэн бодит байдлыг тогтоох ёстой. Тухайн эх жирэмсний хяналтад ороогүй байсан. Энэ тохиолдлоос бид жирэмсэн эхчүүдийг хяналтад оруулах, эмнэлгийн, үйлчилгээний байгууллагын хаягжилтыг тодорхой болгох шаардлагатай байгааг харлаа” хэмээн мэдэгдсэн байна.

Дашрамд дурдахад, Ш.Энхтөр нь 2011 оноос ЭХЭМҮТ-н захирлаар ажиллаж байгаа юм.