Өнгөрсөн сарын 28-нд Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан Эко алтан заамар компанийн уурхайд осол гарсны улмаас дөрвөн хүний алтан амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан юм.

Үүнтэй холбоотойгоор тус компанийн бүх тусгай зөвшөөрлийг нь цуцална гэж УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ.

Тэрээр “Мэргэжлийн бус хүмүүс уурхайн төлөвлөлтийг хийж, зөвхөн олзны хойноос сорчилсны улмаас хүний амь нас эрсэдсэн учир үүнд хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.

Сайд Д.Сумъяабазар МХЕГ болон БОАЖЯ-ны дүгнэлт орж ирсэн тохиолдол дээрх компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах чиглэл өгсөн байна. Гэвч осол гараад 15 хонож байгаа ч одоог хүртэл Эко алтан заамарын уурхайн ослын албан ёсны дүгнэлтийг МХЕГ-аас танилцуулаагүй байна.

Урьдчилсан мэдээллээр ослын шалтгаан уурхайн усан санг буруу байршуулснаас болсон байх магадлалтай гэх таамаг байгаа юм.