Өнөөдөр их дээд сургуульд элсэн суралцагчдын түвшинг тогтоох ЭЕШ орон даяар 09:00 цагт түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ жил ЭЕШ-д 18130 шалгуулагч өгч байгаагаас 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байна.

Мөн энэ жил ЭЕШ-ын материалыг анх удаагаа шууд засах технологи нэвтрүүлсэн юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд шалгалтад шаардлагатай 50 ширхэг засагч машиныг нийлүүлсэн байна.

Уг технологийг нэвтрүүлснээр орон даяар зохион байгуулагдаж буй ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр дүгнэж, нэгэн зэрэг мэдээлэх боломж бүрджээ. Ингэснээр жил бүрийн хавар ЭЕШ-тай холбоотой гардаг маргаан, эргэлзээ байхгүй болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Зураг: БСШУСЯ

Өмнө нь шалгалтын дүнг 14 хоногийн дотор мэдээлдэг, засалтын үйл ажиллагаа ил бус байснаас дүн оноондоо эргэлзэх, хардлага гардаг байсан гэнэ. ЭЕШ орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 төвд нэгэн зэрэг эхэлж, дуусна.

Шалгуулагчид өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой юм.

ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг энэ сарын 21-ний 09:00 цагаас өмнө дээрх сайтад бүрэн байршуулах гэнэ. Харин батламж хуудсыг энэ сарын 24-өөс тараах ба хотын төгсөгчид төгссөн сургуулийн захиргаанаас, Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газраас батламжаа авах юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

ЭЕШ-ын хуваарь:

Зургадугаар сарын 17-нд,

  • Монгол улсын түүх 09:00-10:20
  • Физик 13:00-13:40

Зургадугаар сарын 18-нд,

  • Хими 09:00-10:40
  • Газарзүй 13:00-14:20
  • Англи хэл 16:30-17:50

Зургадугаар сарын 19-нд,

  • Биологи 09:00-10:20
  • Математик 13:00-14:40

Зургадугаар сарын 20-нд,

  • Монгол хэл 09:00-10:20
  • Орос хэл 13:00-14:20
  • Нийгмийн тухай мэдлэг 16:40-17:50 цагаас тус тус зохион байгуулах юм.