Засгийн газраас Эмээлт захад хуримтлагдсан боловсруулаагүй адууны шир, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд худалдах боломж бүрдүүлэхийг ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаанд үүрэг болголоо.

Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалахаар болжээ. Ингэхдээ Биржээр арилжсан адууны ширийг экспортлоход хяналт тавихыг МХЕГ болон Гаалийн ерөнхий газрын дарга нарт үүрэг болгосон байна.

Өнөөдрийн байдлаар Эмээлт захад 600 мянган ширхэг адууны шир хуримтлагдаад байгаа юм. Энэ нь гар аргаар төхөөрөх үед гарсан эсгэлтийн гэмтэлтэй болон механик гэмтэлтэй ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутмаг байгаатай холбоотой байна.

Тухайлбал 100 ширхэг адууны ширний 80 гаруй нь механик гэмтэлтэй гэх судалгаа гарчээ. Ширийг экспортод гаргавал дэл, сүүлтэй нэг ширний үнэ одоо байгаа 10-12 мянган төгрөгөөс 45-50 мянга болж өсөх боломжтой гэж тооцоолсон байна.

Манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлддэг бөгөөд 30-40 мянган ширээр төрөл бүрийн гутал үйлдвэрлэдэг юм.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард адууны дэл сүүлийг боловсруулан нэмүү өртөг шингээн экспортлох Мон торгон дэл ХХК-ний боловсруулах үйлдвэр ашиглалтад оржээ.